Author: Ц.Эрдэнэбаатарын уран бүтээл
•8:45 AM
Author: Ц.Эрдэнэбаатарын уран бүтээл
•8:40 AM
Author: Ц.Эрдэнэбаатарын уран бүтээл
•8:18 AM
Сэтгэлгээний цавчим өндрийн цээжийг мөргөж
Тэнэгийн далайн түрлэг эхэлж байна
Сэтгэлийн сэмжин үүлсийн энгэрийг алгадаж
Атаархалын салхины шуурга дэгдэж байна
Үзэн ядалт агуу их хардалтын бие торниж
Өндрөөс өндөр хүчит давалгаа болоод
Мэлтийгч хөх тэнгэрийн зарлигийн авшигт
Мэргэд чуулсан газрын ариун дагшин хүйс рүү
Газар дэлхийн таталцлыг тас татан
Гадаад далайн давалгаа эх газарт шуургалж
Энэ монголд шуургалж байна
Харанхуйг гэрэлтүүлэгч зулыг бөхөөж
Хайрыг дэлгэрүүлэгч цэцгийг тасдаж
Амьдарлыг тэтгэгч нарыг халхалж
Атгагийг арилгагч номыг шатаан дэвэрч байна
Амбагай их хааныг цаазын давцанд аваачсан шигээ
Амарсанаа баатрыг цагийн буулганд хороосон шигээ
Хотгойдын эрэмгий хүүг зоосны нүхээр сүвлэсэн шигээ
Хосгүй төрсөн Нацагдоржид хор уулгасан шигээ
Хувилгаан чанарт хэтийдсэн мэргэдийг минь буудсан шигээ
Хувилай цэцний эрсийг их усандаа залгисан шигээ
Ойрдын Галданг зуун модонд сөхрүүлсэн шигээ
Ойтой толгойг нь бөхийлгөж оюутай уулыг нь ачаалхаар
Асар их шунал тачияалын давалгаа агуу хүч болон дэгдэж
Амин нутгийн минь тэнгэрийг харанхуйлан шуургалж байна
Сүрэг хэрээ мэт харагдах энэ шуурганы эсрэг
Сүүлчийн эх оронч шонхор элин халин нисээд
Идэхийн их хүсэлт хүрэл хошуунд нь сэглүүлээд
Эр зоригын жигүүр санааных нь эсрэг дэвж байхад
Талынх нь уудамд хярж үлдсэн хэдхэн бөрттэй чоно
Тайгынх нь харанхуйд нуугдаж үлдсэн хэдэн маралтай нийлээд
Харанхуйн хүчний эсрэг нэгдэж олон замын цэрэг мэт хүч олоод
Хаяа хярхаггүй уудам нутгаа өмөөрч босов
Гурвалжин орчлонгын зулайд асар тэнгэр гэрэл болон дэнлүүтэж
Гурван марал цагийн хэлбэрт хувилан тэнд гялалзаад
Хүмүүн амьтан болоод бирдийн үзэмжийг нэвт гийгүүлээд
Хүй орчлонгийн тэнэгийн шуурга нэгэнтээ намдав аа
Сэтгэлгээний өндрийн өлмийд тэнэгийн далай аядуухан мэлтэрч
Сэтгэлийн үүлсийн дор алагхан хорвоо амгалан зүүдэлсээр…
Author: Ц.Эрдэнэбаатарын уран бүтээл
•7:58 AM
Шөнөөр…цэлмэг ахуйд
нууранд туулай дэгдээд
Шүүрс алдахад цочмоор…
Анир гүмийн дотор
Чиний тухай хайрын үлгэр бодолд минь
Цас шиг будраад
Чив чимээгүйхнээр малгайлан орсоор
Тархинд минь зуд нүүрлэжээ.
Сарны өнөөх туулай хунгарт туйлдан
Чичрэнгүй бөвийсөөр
Цааш одохдоо хийсчих мэт алга болов.
Санаа алдахад минь үргэчихсэн байх…Эсвэл
Сар жилүүд өнгөрчихсөн байх…
Author: Ц.Эрдэнэбаатарын уран бүтээл
•7:57 AM
Нүцгэн одод нуурын мандалд янаглаад
Нөмгөн охид нугын энтээ хөгжилдөөд
Тэдний инээд эрвээхэй болон дэвэн нисэхэд нь
Тэргэлхэн үзэмж нь нуугдаж үл чадах ажээ
Уурга барисан жаалхүү нэгэн эрвээхэйтэй хөөцөлдөөд
Уран галбирт модны дор сая торлож авав аа…
…Галын гэрэл гэтэж ирээд хоёрыг гийгүүлэхүйд
Гадны хүний нүдэнд тэдний жаргал тодорхой…
Хээрийн жаргал шөнө дунд хаврын цэцэгтэй ургахуйд
Хэлгүй салхи хов тээсээр суурингийн зүг одов оо.
Author: Ц.Эрдэнэбаатарын уран бүтээл
•7:57 AM
Суман зэв шиг ирлэгдсэн хаврын шувууд нуураан онох шиг
Сураг тасарсан морин халхын талдаа ижлээ харах шиг
Гэмт сэтгэлийн цоорхойд цэцэг дэлгэрээд хавар иржээ
Гэвч азжаргалын дууг аялмааргүй санагдана
Навчин мэт зүрхэн дээр минь
Наран шувуу шиг үүрээ зассан
Энхрийхэн чамайгаа ингээд нисчих нь гэж
Ээ санасан нь үгүй дээ ээ ээ ээ ээ
Author: Ц.Эрдэнэбаатарын уран бүтээл
•7:54 AM
Надад дурласан тэр бүсгүй
Холын холоос ирсэн
Нар сарнаас ч цаана орших
Ховор одноос ирсэн
Тэр минь галууных шиг сонин цээжтэй
Тэглээ ч гэсэн халуухан зүрхтэй
Тэр минь ганцхан байтлаа
Эмээгийнх шиг цэлхгэр нүдтэй
Тэглээ ч гэсэн гэнэн харцтай
Одоо тэр гариг уруугаа явах гэж байна
Олон мянган бээр нисэх гэж байна
Харь гарагийн онгоцны буудал жихүүн байна
Харьж буй түүний минь уруул л халуунхан байна.
Бамбай саранд ойсон наран сэлмийн очоор
Бадрангуй хайраа галуун цээжиндээ асааж
Хэзээ ч билээ дээ…
Цаг хугацааны гүүрэн дээр үнссэн шигээ
Цаглашгүй хүслээрээ шунан озоод
-Эргэх дэлхийн төгөлдөр үзэсгэлэн болоод
Энэ ертөнцийн үлэмжийн чанар
Чиний минь дэргэд гундахын учир
Чамдаа ирнэ ээ…гэж шивнэлээ
Сүрэг ангир нуураа орхих шиг гунигтай
Сүүлчийн навч модноосоо тасрах шиг уйтай
Ийм хагацлыг зүүдлээчгүй явсан
Эмгэн нүдэт түүнийхээ халуун хайрыг яалтай…
Нисдэг таваг хормын төдий эргэлдэн одов
Нилмэгэр гэрэл алчуур лугаа дэрвэж хоцров.
Хүсэл тачъяалыг минь нэг их татаагүй ч
Хүн сэтгэлээр чинь дэлхий дутах хайлан минь ээ
Мэнэрсэн толгой шиг дэлхийгээс
Миний уруул шиг уруулыг
Амтална чинээ санаагүй
Амрагхан чамайгаа хүлээсээр байгаа шүү…
Author: Ц.Эрдэнэбаатарын уран бүтээл
•3:04 AM
Намрын моддын хөлд
Надтай хамт
Халуун үнсэлт мэт
Нарыг угтсан бүсгүйг
Ханьтайгаа
Хавраар, зугаалж явахдаа
Харлаа… харлаа…
Тагтан дээрээ уран өндийгөөд
Даашинзаа өлгөхөд нь
Тагтааны ганц өд мэт
Цэнхэр навч тасарч
Бидэн хоёрын хөлд
Бэргэсэн хүүхэд шиг унав.
Тээр жилийн
Намраар амталсан жаргалыг минь гэрчлэх
Тэр модны навч цэнхэр ургадаг байсныг
Тээр жилийн
Намраар амталсан жаргал минь
Цэнхэрхэн байсныг
Тээр жилийн
Намраар амталсан
Тэр бүсгүй…тэнгэрийнх байсныг
Би даан ч мэдсэнгүй дээ
Author: Ц.Эрдэнэбаатарын уран бүтээл
•3:02 AM
Бушуухан энэ ертөнцийн анхны бороо ороосой
Бузар булай бүхнийг ариун усаараа угааг!
Энэ л үед анд минь цувгүй зогсоод
Инээд алдан гүйсээр гэрт минь орж ирээрэй

*** **** ****
Цэцдийн бодол хүртэл сульдаж мэдэх
Цэлгэр талынхаа энгэрт тэврүүлэн
Цэнхэр тэнгэрээ ширтэн хэвтсээр байгаад
Цэцгийн энхрийлэлд дэндүү дасчээ…Би
Эсвэл би цэцэг байх

*** *** ***

Дүнхийхч далайн араншин царайн дээрээ дөлгөөхөн
Дүүмэд бүсгүйн ааль, мэт үзэсгэлэн гоо байтлаа
Эрхэсийн туяа үл тусах харанхуйн гүндээ
Эгчмэд бүсгүйн бодол мэт элдэв ааштай ажээ
Author: Ц.Эрдэнэбаатарын уран бүтээл
•2:58 AM
Хүн төрөлхтнөөр бурхад тохуурхаж байна
Хүмүүсийг нохой мэт бодоод
Хувь заяаныхаа хар чулууг харамгүй шидэж
Оновол инээлдээд л…
Гаслан гийнах дуун тэднийг согтоож
Гваритаз аа ертөнцийн таталцал гэж
Үүнийг хэлдгийм гэж тавлангаа
Сониуч гөлөгний хуцалтыг агуу авъяас хэмээн
Түүнд яс шидэн өгч
Сонгодог өвгөн шүлэгчийг зөнсөн банхар хэмээн
Түүнийг чулуугаар шидлэнэ
Үдшийн зугаа цэнгэлд орчлон даяар автаж
Үхмээр бодол цээжний харангуйд итгэл мэт гэрэлтэнэ.
Мөнх хөх голын савд монголын нутагт
Миний хажууд
Мөнх хөх тэнгэрийн дор уулсын энд
Миний дэргэд
Халуун элгэн доторх уушийн газарт минь
Маралгоо охид нүцгэлж
Халамцуу эрс тачъяалынхаа төлөө
Халаасаа тэмтчих нь үзэгдэнэ.
Ганган хувцастай хүмүүн гэдийн суугаад
Гавана татаж,виски шимэх нь харагдана
Ийм хүмүүст охидын сэтгэл алдарч
Итгэл болоод ариун хайрын тухай яривал
Энэ галзуурчээ хэмээн тэд намайг өрөвдөн толгой сэгсэрч
Эмх замбараагүй эл амьдралаа магтан дуулна.
-Дэлхий маргааш сөнөнө
Дээд тэнгэр л аварна
Бид хараагдсан хэмээн
Эрт цагийн гаанс шиг эр хундагаа шидэж
Энгэрээн дэлдэх нь галаан цохих шиг санагдана.
Хажууд суусан буруу хэлтний өвөр дээр
Халамцуу охин эрхлэн
Монгол залуу муухай гэж
Модон хэлээр шивнэнэ.
Хаа нэгтээ монгол орон мандтугай
Харийнхан зайлтугай гэх нь сонстож
Удалгүй эрүүлжүүлэхийн цагдаад баригдан
Уйлж дуулсаар явж одно.
Харьд одсон амрагаа санаж гансарсан бүсгүй
Хаа нь байна? тэр аз жаргал чинь гэж
Ижлээ алдсан тогоруу шиг
Их дуугаар ганганаж
Гар утсандаа агсалзан
Гарч одно…
Маргааш өглөө нь
Зурагтаар эрүүлжүүлэгдсэн залуу
Зуурдаар нас барав гэж шуугицгаана
Түүнийг цагдаад зодуулан нөгчсөн тухай
Төрөл садны нь хүмүүс уйлан ярина.
Орчлон тэр чигээрээ биднээр тохуурхаж байна
Олон жил ийнхүү тоглож байна
Бурхад минь хувь тавилангийнхаа утсыг
Өчүүхэн хүүхэлдэй надаас салгаад өгөөч
Бурхадын бурханд эрхэм та бүгдийнхээ тухай
Алтан хошуу хүргэмээр байна.
...
Author: Ц.Эрдэнэбаатарын уран бүтээл
•7:35 AM
Хур цасан будран бударсаар цагийн амьсгаанд
Хунгар болно
Хуучин амраг янаглангуй санагдавч нэг л мэдэхэд
Дурсамж болно
Харанхуйн гэгээ тодрон тодорсоор нүдний өмнө
Шөнө болно
Халуухан учрал улам олширсоор дуулж явтал
Эр хүн болно
Сүрэг шувуу нисэн буугаад тэнгэрийн цээлд
Нүүдэл болно
Сүүлчийн амраг хайраа дэлгээд санаандгүй явтал
Гэргий болно
...
Author: Ц.Эрдэнэбаатарын уран бүтээл
•7:13 AM
Шөнөжин охидын гиюүрэл хотын гудамжаар нэг нисэлдээд
Далавч нь цуцаж мандах нарны өлмийд үүрэндээ ирнэ
Тэдний амьдрах хүсэл нь зөвхөн гүн шөнөөр л гийж
Тэнгэрт од харвах шиг гэрэл дагуулан нисэлдэнэ.
Үдэш бүр хүсэл тачъяалынхаа нумыг бөгтөрлөн татаж
Өнгө гоёмсог тэр гиюүрлийг хараалан сумаа тавих нь харагдана.
Нэвт сүлбүүлсэн гиюүрэл шархаа даахгүй үхэтхийн унахад
Нэг хуучны нум бөгтөрсөн анчин агуй руугаа тэвэрсээр одно.
Author: Ц.Эрдэнэбаатарын уран бүтээл
•4:40 AM