Author: Ц.Эрдэнэбаатарын уран бүтээл
•3:04 AM
Намрын моддын хөлд
Надтай хамт
Халуун үнсэлт мэт
Нарыг угтсан бүсгүйг
Ханьтайгаа
Хавраар, зугаалж явахдаа
Харлаа… харлаа…
Тагтан дээрээ уран өндийгөөд
Даашинзаа өлгөхөд нь
Тагтааны ганц өд мэт
Цэнхэр навч тасарч
Бидэн хоёрын хөлд
Бэргэсэн хүүхэд шиг унав.
Тээр жилийн
Намраар амталсан жаргалыг минь гэрчлэх
Тэр модны навч цэнхэр ургадаг байсныг
Тээр жилийн
Намраар амталсан жаргал минь
Цэнхэрхэн байсныг
Тээр жилийн
Намраар амталсан
Тэр бүсгүй…тэнгэрийнх байсныг
Би даан ч мэдсэнгүй дээ
Author: Ц.Эрдэнэбаатарын уран бүтээл
•3:02 AM
Бушуухан энэ ертөнцийн анхны бороо ороосой
Бузар булай бүхнийг ариун усаараа угааг!
Энэ л үед анд минь цувгүй зогсоод
Инээд алдан гүйсээр гэрт минь орж ирээрэй

*** **** ****
Цэцдийн бодол хүртэл сульдаж мэдэх
Цэлгэр талынхаа энгэрт тэврүүлэн
Цэнхэр тэнгэрээ ширтэн хэвтсээр байгаад
Цэцгийн энхрийлэлд дэндүү дасчээ…Би
Эсвэл би цэцэг байх

*** *** ***

Дүнхийхч далайн араншин царайн дээрээ дөлгөөхөн
Дүүмэд бүсгүйн ааль, мэт үзэсгэлэн гоо байтлаа
Эрхэсийн туяа үл тусах харанхуйн гүндээ
Эгчмэд бүсгүйн бодол мэт элдэв ааштай ажээ
Author: Ц.Эрдэнэбаатарын уран бүтээл
•2:58 AM
Хүн төрөлхтнөөр бурхад тохуурхаж байна
Хүмүүсийг нохой мэт бодоод
Хувь заяаныхаа хар чулууг харамгүй шидэж
Оновол инээлдээд л…
Гаслан гийнах дуун тэднийг согтоож
Гваритаз аа ертөнцийн таталцал гэж
Үүнийг хэлдгийм гэж тавлангаа
Сониуч гөлөгний хуцалтыг агуу авъяас хэмээн
Түүнд яс шидэн өгч
Сонгодог өвгөн шүлэгчийг зөнсөн банхар хэмээн
Түүнийг чулуугаар шидлэнэ
Үдшийн зугаа цэнгэлд орчлон даяар автаж
Үхмээр бодол цээжний харангуйд итгэл мэт гэрэлтэнэ.
Мөнх хөх голын савд монголын нутагт
Миний хажууд
Мөнх хөх тэнгэрийн дор уулсын энд
Миний дэргэд
Халуун элгэн доторх уушийн газарт минь
Маралгоо охид нүцгэлж
Халамцуу эрс тачъяалынхаа төлөө
Халаасаа тэмтчих нь үзэгдэнэ.
Ганган хувцастай хүмүүн гэдийн суугаад
Гавана татаж,виски шимэх нь харагдана
Ийм хүмүүст охидын сэтгэл алдарч
Итгэл болоод ариун хайрын тухай яривал
Энэ галзуурчээ хэмээн тэд намайг өрөвдөн толгой сэгсэрч
Эмх замбараагүй эл амьдралаа магтан дуулна.
-Дэлхий маргааш сөнөнө
Дээд тэнгэр л аварна
Бид хараагдсан хэмээн
Эрт цагийн гаанс шиг эр хундагаа шидэж
Энгэрээн дэлдэх нь галаан цохих шиг санагдана.
Хажууд суусан буруу хэлтний өвөр дээр
Халамцуу охин эрхлэн
Монгол залуу муухай гэж
Модон хэлээр шивнэнэ.
Хаа нэгтээ монгол орон мандтугай
Харийнхан зайлтугай гэх нь сонстож
Удалгүй эрүүлжүүлэхийн цагдаад баригдан
Уйлж дуулсаар явж одно.
Харьд одсон амрагаа санаж гансарсан бүсгүй
Хаа нь байна? тэр аз жаргал чинь гэж
Ижлээ алдсан тогоруу шиг
Их дуугаар ганганаж
Гар утсандаа агсалзан
Гарч одно…
Маргааш өглөө нь
Зурагтаар эрүүлжүүлэгдсэн залуу
Зуурдаар нас барав гэж шуугицгаана
Түүнийг цагдаад зодуулан нөгчсөн тухай
Төрөл садны нь хүмүүс уйлан ярина.
Орчлон тэр чигээрээ биднээр тохуурхаж байна
Олон жил ийнхүү тоглож байна
Бурхад минь хувь тавилангийнхаа утсыг
Өчүүхэн хүүхэлдэй надаас салгаад өгөөч
Бурхадын бурханд эрхэм та бүгдийнхээ тухай
Алтан хошуу хүргэмээр байна.
...
Author: Ц.Эрдэнэбаатарын уран бүтээл
•7:35 AM
Хур цасан будран бударсаар цагийн амьсгаанд
Хунгар болно
Хуучин амраг янаглангуй санагдавч нэг л мэдэхэд
Дурсамж болно
Харанхуйн гэгээ тодрон тодорсоор нүдний өмнө
Шөнө болно
Халуухан учрал улам олширсоор дуулж явтал
Эр хүн болно
Сүрэг шувуу нисэн буугаад тэнгэрийн цээлд
Нүүдэл болно
Сүүлчийн амраг хайраа дэлгээд санаандгүй явтал
Гэргий болно
...
Author: Ц.Эрдэнэбаатарын уран бүтээл
•7:13 AM
Шөнөжин охидын гиюүрэл хотын гудамжаар нэг нисэлдээд
Далавч нь цуцаж мандах нарны өлмийд үүрэндээ ирнэ
Тэдний амьдрах хүсэл нь зөвхөн гүн шөнөөр л гийж
Тэнгэрт од харвах шиг гэрэл дагуулан нисэлдэнэ.
Үдэш бүр хүсэл тачъяалынхаа нумыг бөгтөрлөн татаж
Өнгө гоёмсог тэр гиюүрлийг хараалан сумаа тавих нь харагдана.
Нэвт сүлбүүлсэн гиюүрэл шархаа даахгүй үхэтхийн унахад
Нэг хуучны нум бөгтөрсөн анчин агуй руугаа тэвэрсээр одно.
Author: Ц.Эрдэнэбаатарын уран бүтээл
•4:40 AM